Бидний тухай
2022-09-12

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Их театрын үе үеийн хамт олон түүхийнхээ бүхий л хугацаанд бүтээл туурвил, билэг авъяасаараа түмэн олныхоо бишрэл хүндэтгэлийг хүлээн, төр засгаараа гавъяа зүтгэлээ үнэлүүлсэн олон арван алдартныг төрүүлэн, үүсч хөгжсөн цагаасаа өнөө үеийг хүртэл улс орныхоо соёл, урлагийн нэгэн том төв болсоор байна.

Монгол орныхоо нүүр царайг тив, дэлхийд сурталчлан таниулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлсээр ирэхдээ, улс үндэстнийхээ дуу хуур, бүжиг наадмын шавхагдашгүй их өв, давтагдашгүй өвөрмөц бүхнийг ур чадвар, урлан бүтээхийн өндөр хэмжээнд гүйцэтгэж байна. Их театрын хамт олонд айлчлан тоглосон улс түмнийхээ урлаг соёлоос шимтэн хүртэх, суралцан боловсрохын сацуу олон улсын уралдаан, наадмуудаас тэргүүн шагналуудыг хүртэн улс орныхоо урлаг соёлын нэр хүндийг өндрөөс өндөрт өргөсөөр ирлээ.

Үндэсний урлагийн их театраараа овоглосон үе үеийн уран бүтээлчид, нийт ажиллагсадынхаа нэрийн өмнөөс үзэгч Та бүхэндээ өөдлөн дэвжиж, өнгөжин жавхаажиж, аливаа үйлс бүхэн тань баяр баясгалан, онгод хиймороор дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Та бүхэн тавтай морилон саатаж, таашаал хүслээ хөглөнө үү.

ТОВЧ ТҮҮХ

Их Монгол улс байгуулагдан Монгол улсын эзэн хаанаар Эзэн Чингис өргөмжлөгдсөн нь 1206 оноос улбаалан, түүний өв залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх, ялангуа Хубилай хааны Их Юан улс, цаашлаад 1635 оны үе хүртлэх цаг хугацааны турш Төрийн их ёслол хүндэтгэлийн арга хэмжээ дуу, хөгжим, бүжиггүйгээр төсөөлөгдөшгүй оршин байж, түүүхэн үеийн уламжлал баларшгүй мөрөө үлдээснийг алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вильям Рубрук нарын тэмдэглэл болон Монголын нууц товчоо, Юан улсын судар, “Алтан товч”, “Болор эрх”, “Хөх судар” зэрэг цаг цагийн сурвалж бичиг, ном товхимол, үнэ цэнэтэй баримт сэлтэд хадгалагдсан байна. XVIII-XX зууны хоёр дахь хагасыг хүртэлх он цагийн нугачаанд Монголын олон аймаг, хошуу, сүм хийдийн ихэс дээдэс дэргэдээ чуулга, хөгжмийн хамтлаг, дуу, бүжгийн чуулбартай байсан төдийгүй Нийслэл хүрээнд олон үндэстэн ястаны соёл урлагийн клуб, төвүүд цөөнгүй байж, өөр өөрсдийн өвөрмөгц донж маягтай урлагийн төрөл зүйл хөгжиж байжээ.

Өнөөгийн Үндэсний Урлагийн Их Театр нь түүхийнхээ 70 гаруй жилийн хугацаандаа байгууллагынхаа нэршилээ “Эстрад концертын товчоо”, Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”, “Ардын дуу, танцны Улсын ансамбль”, “Ардын дуу бүжгийн улсын чуулга”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга” хэмээн хэд хэдэн удаа өөрчилж иржээ. 1950 оны 12 сарын 01-нийг тус чуулга байгуулагдсан түүхэн он гэж тооцож өнөөг хүрлээ. Монгол улсын Засгийн газар 2002 онд тус чуулгын олон жил хүсэн хүлээсэн “Эрдмийн” хэмээх цолыг 166 дугаар тогтоолоороо олгож “Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулга” хэмээн өөрчлөн 2016 онд МУ-н Засгийн газрийн 129 дугаар тогтоолоор Үндэсний Урлагийн Их Театр гэж нэрлэсэн түүхтэй. Энэхүү олон удаа нэршил нь өөрчлөгдөн ирсэнийг театрын бүтэц, бүрэлдэхүүн, уран бүтээлийн өсөлт хөгжил, үйлчилгээнй цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, урын сангийн баяжилт, олон улсын нэр хүндийн өсөлттэй холбож үзэх ёстой.